Эрдэнэтийн улс төр шороон дотор бужигнаж эхэллээ

A.Admin, monday.mn
2015 оны 10 сарын 30
Сонгууль гэж сонин юм шүү. Баячуудыг хөдөлгөөнд оруулж,  ардуудыг арав таван төгрөгөөр хуурдаг. Хэн мөнгөтэй байна, тэр хүн орон нутаг, Их хурал, Ерөхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Дэвших дэвшихдээ нам дотроо хөлөө жийлцэнэ. Тэр болоогүй тойрог харгалзахаа больсон. Намдаа дээгүүр эрэмблэгддэг, хандив их өгсөн нь тойргоо сонгоно. Бага хандив өгсөн нь өөрийн эр зоригоор тойрог олж авна. Ийм жишээ Эрдэнэт байна. Эрдэнэтийн МАН, АН-ын хорооныхон дотроо зөрчилдөөнтэй. МАН-ын намын дарга нь бор дарсанд хөлчүүрхэн хүн зодоод шүүх цагдаагийн асуудалтай яваа. Харин АН-ын даргын зөвлөх нь эх орныхоо нууцыг  задруулсан хэргээр хоригдсон гээд дарга нар нь ганхаатай, бүлэг фракцууд нь намын даргын суудлаа авчих санаатай нууцхан өрсөлдөөнтэй. Энэ хоёр нам ингэж мунгинаж байх зуур “Ард түмнээ хайрлая” гэх нам гарч ирээд газар шороо гэж бужигнуулаад, МАХН-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэх эрхэм УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хурлын нэрийг барьж, сонгуулийн шоу хийсэн  гээд Эрдэнэтийн улс төр шороон дотор бужигнаж эхэллээ.
 
1. МАН-наас Н.Энхтайван гэх эрхэм УИХ-д нэр дэвшихээ бараг л зарлачихсан. Номоор шоу хийсэн шиг. Бас болоогүй  иргэдийг цуглуулж үе үе хооллоно. Хөөрхий муу ардыг ходоодоор нь худалдаж авч болно гэж бодож яваа бололтой. Энэ бол доромжлол гэхээс өөр юу гэхэв.
 
2. МАН-ын хоёр дахь  эрхэм нь  Ц.Бат-Энх. Цагийн сайханд  "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан захирлаар ажиллаж байсан. Эрдэнэтчүүд түүнийг баяндаа бардсан онгироо залуу гэдэг юм билээ.
 
3. Энэ 2 хүн нэр дэвшихээ зарлаад явж байх зуур МАН-ын гишүүн Эрдэнэтээс их хуралд сууж байсан Д.Дамба-Очир тойргоо залуучууддаа алдчихаад тойроггүй больчихсон, болохгүй бол бие дааж дэвшинэ дээ гээд аргаа барж яваа сурагтай. Ардын гэх тодотголтой намынхан одоохондоо нэг иймэрхүү. Сонгууль дөхөөд ирэхээр ч өрсөлдөөн ширүүсч жинхэнэ зан авир, хүн чанар нь танигдаж эхэлнэ.
 
4. АН-аас Орхон аймгийн намын дарга, УИХ-ын гишүүн М.Батчимэг нэр дэвших нь тодорхой гэж байгаа. Гэхдээ Түүний зөвлөх нь тагнуул байсан гэдгээр шүүхээс тогтоогдсон. Хотын хүн Эрдэнэтэд ирж намын дарга болсон нь Эрдэнэтийн ардчилсан намд намын дарга хийчих чадалтай хүн байхгүй болчихсон юм уу гэлтэй.
 
5. АН-ын Дараагийн нэг эрхэмээр Д.Дорлигжав тодорч магадгүй гэсэн шуум байна. Д.Дорлигжав ирэхгүй бол АИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн эсвэл өөр хэн нэгэн гэнэ.
 
 
6. "Ард түмнээ хайрлая" намаас тус намын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нэр дэвшихээ аль хэдийнээ зарлачихсан. Эрдэнэтийн иргэдийг газартай болгоно, тэмцээд ав гэсэн уриа дэвшүүлчихсэн тууж яваа. Аймаг орон нутгийн удирдалгуудыг гарах гарцгүй болгож нөгөө хэд нь сүүлдээ хамтаря гэж байгаа сурагтай. Яриа хөөрөө нь хамаа намаагүй баярхуу энэ эрхэм Хөвсгөл аймгаас гурван ч удаа УИХ-д сонгогдсон. Тэгсэн хэрнээ Эрдэнэтийг сонгож байгаа нь ямар ч учиртайг ойлгохгүй хүн олон. 
 
7.Чоно борооноор гэдэгчлэн намайг Эрдэнэт рүү манай намынхан илгээлээ гэж цээжээ дэлдэж яваа нэг эрхэм бол МАХН-ын О.Баасанхүү. Тэрээр УИХ-д аз од нь гийж нэг л өдөр ороод ирсэн. Энэ нь Н.Энхбаяр ах нь баригдаж ард олонд өрөвдүүлсэний гавьяа. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын өргөдлийн байнгын хорооны ажлаар ирээд иргэдтэй уулзаж, орон нутгийн зарим нэг телевизээр ажлын шугамаар гээд мөнгө төлөхгүй ярилцлаганд ороод өөрийгөө рекламдаад авсан. Үүнээс өмнө Эрдэнэтэд нууцхан ирээд хэдэн цэцэрлэгээр бэлэг тараасан гэж байгаа. Хоёр ширхэг маамуу жүүс, нэг шүдний сойз, оо, урд хөршөөс бөөндөж ирсэн үү гэлтэй царай муутай чихмэл тоглоом тараасан. Тараасан тоглоомноос нь зарим хүүхдүүд нь айгаад хог руу хаясан гэнэ лээ. Бас бус цэцэрлэгээр  печень тараасан гэж байгаа.  Ингээд бодохоор иргэдийг юугаар ч хамаагүй хуурч худалдаж авч болно гэж бодсон бололтой.  Гэхдээ сүйхээтэй эр. Нөгөө намуудынхаа нэр дэвшигчидтэйгээ өөрийгээ харьцуулж хэр түвшинд яваа УИХ-д сонгогдох магадлал байна уу гэдгээ мэдхээр бүхэл бүтэн судалгааны баг ажилуулахаар төлөвлөжээ.
 
Одоогоор мэдэгдэж байгаа нь зөвхөн дээрх дүрх төрх. Дээр хэлсэнчлэн сонгууль дөхөөд ирэхээр нууц ноётнуудын цуваа Эрдэнэт рүү хөвөрсөөр баян ядуу, ажилтай ажилгүй, нам, нам бус, мэргэжилтэй, мэргэжилгүй гэж ялгахгүйгээр иргэдэд хайр зарлаж хашаа руу чинь хар зам тавья, гадаад дотоодоор аялуулья, тэтгэмж өгч тэтгэе, ажилтай болгож амьдралыг чинь дээшлүүлье, хоол хүнс хувцас хунар өгье намайг л сонгочих, миний нэрийг л дугуйлчих гэж  сөгдөхөөс наагуур юм болно. Нууцхан сөгддөг ч юм билүү хэн мэдэхэв.
 
Иргэдээ!!!  хайранд нь хэт их умбаж болохгүй шүү. Үргэлжлэл бий...
 
П.Мөнх
 
 

 

 

 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв