Найрамдлын хамтын ажиллагааны сар болж өндөрлөлөө

A.Admin, monday.mn
2015 оны 12 сарын 03
Найрамдлын хамтын ажиллагааны сар болж өндөрлөлөө
Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийг жил бүр Эрдэнэтчүүд өргөн хүрээнд тэмдэглэдэг.  Энэ удаа  хийгдсэн ажлын талаар Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь тэргүүн Б.Мажинбуутай ярилцаж хариулт авлаа.
- Эрдэнэт хот бол Монгол Оросын найрамдалын бэлэг тэмдэг болсон хот. Тийм ч учраас  найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийг жил бүр тэмдэглэн олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ жилийн ажлын талаар ярьвал?
-Эрдэнэт хотод Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн үйл ажиллагааг энэ удаа ч бас амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр найрамдлын өндөрлөг, дөрвөн баатрын хөшөө, Оросын консулын урдах хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Энэ жил найрамдлын өдрүүдийг бүтэн хоёр сарын турш тэмдэглэн найрамдал хамтын ажиллагааг сурталчлан дэлгэрүүлэх 20 гаруй ажил зохион байгууллаа.
 - Энэ жилийн онцлог юу байсан бэ?
-Найрамдал хамтын ажиллагааны өдрүүд энэ жил 55 дахь жилдээ зохион байгуулж байна. Мөн Монгол Оросын ард түмний хооронд дипломат харилцаа тогтоосоны 95 жилийн ой дөхөж байгаа. Тэгш ой давхцан тохиож байгаагаар онцлогтой. Тиймээс  энэ жилийн үйл ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсэн гэдгийг хэлмээр байна.
 -Зохион байгуулсан ажлуудаас дурьдвал.
-Уламжлал ёсоор аймгийн иргэд, ЕБС-ийн сурагчдын дунд Орос дуу шүлэг, гар зургийн уралдаан спортын хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгууллаа. Мөн Булган аймгийн нутагт байдаг манай хоёр орны баатар гэр музей болон Барон Унгерын эсрэг тэмцэж байсан Монгол Оросын дурсгалт газруудыг сэргээх ажил хийсэн гээд олон үйл ажиллагаа зохион байгууллаа.
 - Та бүгдийн хийж байгаа ажлыг байгууллага, хувь хүмүүс хэрхэн дэмжиж ажилласан бэ?
-Жил бүр байгууллага хамт олон, иргэд найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцож ирсэн. Ялангуяа Эрдэнэт үйлдвэр ХХК, ОХУ-аас Эрдэнэт хотноо суугаа ерөнхий консулын ажлын алба, Орхон аймгийн ЗДТГ, хоёр орны иргэд гээд дурьдаад байвал олон юм. Ингээд жил бүр байнга дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллага хувь хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье.
 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв