Эрдэнэтийн ирээдүй-Зэс хайлуулах үйлдвэр болох эхлэлийг тавьлаа

A.Admin, monday.mn
2015 оны 12 сарын 07
 “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн Зэс хайлуулах үйлдвэрийг Орхон аймагт байгуулахаар судалгаа, шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэлээ хийсэн “НОКО” ХХК-ийн төслийн багийнхан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч эхэллээ. Зэс хайлуулах үйлдвэрийг байгуулах асуудал 20 гаруй жил яригдаж өнөөдрийг хүрсэн ч олон шалтгааны улмаас эхлээгүй удсан. “НОКО” ХХК-ийн Зэс хайлуулах үйлдвэрийн төслийн багийнхан жилд 120 мянган тонн зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г /техник эдийн засгийн үндэслэл/ гадны мэргэжлийн нэр хүндтэй компанитай гэрээ хийж боловсруулжээ.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай Монгол улсын их хурлын 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 21 тоот тогтоолыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн үед гаргаж байсан. Энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байсаар байтал одоогийн Засгийн газар Зэс хайлуулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөрт байгуулах шийдвэр гаргажээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг 800 гаруй км-ийн цаана байдаг Бор-Өндөр рүү зөөж аваачин хайлуулна гэдэг хамгийн буруу шийдвэр болохыг төслийн багийнхан ярьж байна. Уг төслийн багт УИХ-ын гишүүн Л.Цог, Зэс хайлуулах үйлдвэрийн “НОКО” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ё.Баярсайхан, Үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар Я.Пүрэвээ зэрэг мэргэжлийн өндөр түвшний хүмүүс ажиллаж байна. Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулснаар үндсэн цехэд нь 1000, туслах цехүүдэд нь 1000 гаруй хүн ажиллах боломж бүрдэнэ. Мөн үйлдвэрийн барилга, зам, дэд бүтэц, шугам сүлжээ татах зэрэг ажлыг Орхон аймгийн аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэх зэрэг өндөр ач холбогдолтой. Иймд үйлдвэрийн компанийн төлөөлөл орон нутгийн телевизүүдэд нэвтрүүлэг бэлтгэн цацаж байна. Зэс хайлуулах үйлдвэрийн талаар УИХ-ын гишүүн байхдаа хөөцөлдөж, нааштай алхамуудыг хийж байсан УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Орхон аймгийн иргэдийн төлөөлөл болж, иргэн Т.Алтанхуяг нар компанийн төлөөлөлтэй хамтран үзэл бодлоо илэрхийлж, хэвлэл мэдээлэлд хандсан юм. Орхон аймгийн иргэд зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулахын төлөө эрвийх дэрвийхээрээ оролцох цаг болсныг дээрх үйл ажиллагаа харуулж байна. “Эрдэнэтийн ирээдүй-Зэс хайлуулах үйлдвэр” гэсэн уриалга, мэдээллийг иргэдэд өгч, тэдний санаа бодлыг УИХ, Засгийн газрын түвшинд хүргэх эхний ажил ийнхүү эхэлж байгаа аж.

Эх сурвалжийг  ERDENETNEWS.mn 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв