БОЭТ-ийн хүүхдийн тасгийн ачаалал огцом нэмэгдэж байна

A.Admin, monday.mn
2015 оны 12 сарын 09
Хүйтэн сэрүүний улиралд бага насны хүүхэд ханиад томуугаар өвчлөх нь ихэсдэг. Үүнтэй холбогдуулан ханиад томуунаас хэрхэн  урьдилан сэргийлэх, өнөөдрийн байдлаар хэр ачаалал өндөртэй ажиллаж байгаа талаар  БОЭТ-ийн  хүүхдийн тасгийн эрхлэгч, хүүхдийн зөвлөх эмч  Д.Баасанжавтай ярилцлаа.
 
- Гадаа хүйтрээд хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байна. Танай тасгийн хувьд өнөөдрийн байдлаар ачаалал хэр байна.
 
- БОЭТ-ийн хүүхдийн тасгийн хувьд 35 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэвч өнөөдрийн байдлаар 72 хүүхэд хүлээж аван хэвтэн эмчлүүлж байна. Ачаалал хоёр дахин нэмэгдсэн.Ялангуяа сүүлийн 7 хоногт ажлын өдрүүдэд өдөртөө 50-60 хүүхэд харин амралтын өдрүүдэд өдөртөө 100 гаруй хүүхэд манай хүүхдийн тасгийн хүлээн авахаар үйлчлүүлж байгаас харахад ханиад томууны өвчлөл эрс нэмэгдэж байна. Хэвтэх шаардлагатай  хүүхдүүд их байгаа учраас коридортоо хүртэл хүлээж аваад эмчилж байна.
 
- Ийм өндөр ачаалалтай байхад эмч нарын хүрэлцээ хэр байгаа бол. Хүлээн авах дээр удаан хүлээлээ гэх иргэд байна.
 
- Манай тасгийн эмч ажилчдын хувьд  35 хүүхддээ л таарсан орон тоотой . Гэтэл хоёр дахин нэмэгдсэн энэ үед хүрэлцэхгүй хүлээн авах дээр хүлээлгэх тохиолдол байна. Тасагт хүнд хүүхдүүд ч олон байгаа. Ердөө гурван эмчтэй.  Хоёр тасагаа үзнэ дээр нь сэхээний тасаг, хүлээн авахаа үзнэ гэхээр хаанаа ч хүрэлцэхгүй байна. Жирийн ачаалал багатай үеийн л бүрэлдэхүүнээр ажиллаж байгааг иргэд бас ойлгохыг хүсэж байна. Нэмэлтээр нэг эмч ирсэн боловч өөр ажилтай болоод явсан.  Хүлээн авахаа хариуцах тусдаа эмчтэй байхгүй бол болохгүй байна. Эмч  нэмж авах саналыг эмнэлгийн удирдалгуудад хүргүүлсэн.
 
- Хүлээн авахаар ирж байгаа хүүхдүүдийг харж байхад олон хоног өндөр халуурлаа. Эм өгөөд намдахгүй байна гэх эцэх эхчүүд олон байна. Томууны олон төрлийн вирус байдаг гэдэг. Энэ удаагийнх ямар шинж тэмдэгээр илэрч байна.
 
- Тиймээ өндөр халуураад байна. Халуун нь эмэнд дарагдахгүй олон хонож байна гэж ирж байна.   Улирлын  томуу гэж гардаг. Улирлын томуу гараад явж байгаад одоо жинхэнэ томуу томуу төст өвчин гарч эхлэж байна. Өндөр халуурдаг, халуурахаараа татдаг хүүхэд бол татаад ирж байна.   Мөн гэр бүлээрээ ханиад томуугаар өвчлөх тохиолдол нэмэгдэж байна.
 
 
- Хэвтэж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь цэцэрлэгийн наснынхан харагдаж байна. Өвчлөл хэдэн насны хооронд их байна.
 
- Ханиад олон вирусаар үүсгэгддэг. Жишээ нь манай хүүхэд нэг вирусаар үүсгэгдсэн байхад энд 10 хүүхэд байвал 10 өөр төрлийн вирус тардаг. Өөрөө хэлбэл бие биенээсээ ханиад авдаг. Тасагт ч гэсэн ачаалал нэмэгдэж нягтаршил ихсэхээр дотроосоо ханиад аваад гардаг. Гараад эргээд ирдэг. Томуу  анх эхлэхдээ том хүнээс эхлэдэг. Тэгээд сургуулийн насны хүүхдэд хүрдэг. Эдгээр насныхан бол эмнэлэгт хэвтэх нь бага гэрээр эмчилчихдэг. Одоо бол цэцэрлэгийн насныханд их байна.Цаашлаад гэрээр байгаа нярай хүүхдүүдэд хүрэх гэх зэргээр  үргэлжилж хүндрэл их гардаг.
 
- Эцэх эхчүүд хүүхдээ ханиаднаас хэрхэн урдчилан сэргийлэх вэ?
 
- Ханиад 2-3 хоногт эдгэнэ гэж байхгүй. Явцаараа 5-6 хонож байж эдгэдэг. Гэтэл манайхан энэ ханиадыг нам дарах юу байна гэж их асуудаг. Ханиад шуухнаанд гэрийн асаргаа маш чухал. Хүүхдээ дааруулахгүй байх хэрэгтэй. Шингэн юм сайн уулгах, аньс , чачаргана гээд жимсний жүүс өгөх хэрэгтэй. Хүүхдээ даарчихна гээд хаалга үүд цонхоо хаагаад байдаг. Харин ч агаар салхи сайн оруулж байхыг зөвлөе.
 
- Эцэх эхчүүдийн дур мэдэн өгдөг халууны эмний талаар асуумаар байна. Эмийг  яаж хэрэглэх ёстой вэ? Халуун нь буухгүй байна гээд ойр ойрхон өгөх  тохиолдол байдаг.
 
- Зөв асуулт байна. Үнэхээр  эцэг эхчүүд халууны эмийг хамаагүй өгөх тохиолдол  байдаг. Халууны эм өгчихөөд халуун нь буухгүй бол хэдхэн цаг болоод дахиад л өгдөг. Үүнээс үүдэлтэй эмэнд хордох тохиолдол жилдээ 1-2 удаа гардаг.  Жишээ нь: Парацетомал эмийг хоёр хуваагаад уулгачихдаг. Намдахгүй бол дахиад өгдөг. Парацетомал элгийг гэмтээдэг гэдгийг хэлмээр байна. Тунг нь тааруулаагүйгээс болж элэг гэмтэж хэдхэн хоногт ногоорсон тохиолдол бий. Тиймээс эмчид хандаж заавал зөвлөгөө авч зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Ер нь парацетомалын найрлагатай эм тангаас татгалзахыг хэлмээр байна. Халууны эмийг 6 цагийн зайтай өгөх шаардлагатай. Тэрнээс өмнө  халуурсан ч өгөхгүй. Тэгээд халуун нь буухгүй бол бүлээн усаар алчуур норгон толгой дээр нь тавих, суга цавь, гэдэс, хэвлий, хүзүү дээр нь тавиж механик аргаар буулгаж болно. Халууны эмийг олон хоног ч өгөх ёсгүй ээ. Ер нь ямарваа нэгэн эм тарианы тун нь хэтэрвэл хор болдог гэдгийг эцэг эхчүүд маань сайн ойгох хэрэгтэй.
 
- Хүүхдийн тасгийн ачааллыг  бууруулах боломж байгаа юу?
 
- Ачаалал багасах боломж бий. Ажлын өдрүүдэд өдрийн цагаар өрхийн эмнэлгээрээ үйлчлүүлж, шөнөдөө түргэн дуудаж үзүүлэх хэрэгтэй. Өрхийн эмчид  үзүүлээд болохгүй бол амбулторын хүүхдийн эмчид үзүүлж болно. Гэвч өдөр ажилтай амжсангүй гээд манайх руу хүүхдээ аваад ирдэг. Уг нь бид хэвтэх хүүхдээ л хүлээж аваад байвал ачаалал багасаж болно. Гэвч ирсэн хүүхдийг буцаахгүйгээр үзээд л явуулж байна. Энэ янзаараа байвал ачаалал 3-4 дахин нэмэгдэх шинжтэй байна. Нэмж хэлхэд аймгийн хэмжээнд шийдэх нэн чухал асуудал бол хүүхдийн эмнэлэг барих гэдгийг хэлмээр байна. Тэгвэл ачаалал багатай ажиллахаас гадна хүүхдийн мэргэшсэн эмч нар нэг дор ажиллаж хүүхэд авах ёстой эрүүл мэндийн үйлчилгээгээ бүрэн авах боломжтой болно гээд давуу тал олон байна.
 
Ярилцсанд баярлалаа

  

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв