Хамтын гэрээг үзэглэлээ

A.Admin, monday.mn
2016 оны 01 сарын 08

 Эрдэнэт үйлдвэр ХХК, компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл 2016 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг баталгаажуулж, өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус хамтын гэрээ нь үйлдвэрийн ажилчин, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтан гээд 8000 гаруй хүний хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангасан 100 гаруй заалт бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын бодлогын гол баримт бичиг юм. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтворгүй байгаатай холбогдуулан хоёр жил тутамд байгуулагддаг хамтын гэрээний хугацааг нэг жил байхаар баталлаа. Цаашид зэсийн үнэ нэмэгдэж, компанийн санхүү эдийн засгийн байдал сайжирвал ажилчдын цалин урамшууллыг нэмэх боломжтой гэж харж байгаа учраас нэг жилийн хугацаатай хамтын гэрээ байгуулсныг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн ёслолын үеэр онцолсон. “Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа, ҮЭХолбооны хооронд байгуулсан 2014-2015 оны хамтын гэрээний биелэлт 99 хувьтай гарчээ. Мөн хамтын гэрээний заалтуудын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр 200 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа нь нийгмийн хариуцлагатай шилдэг компани болохоо баталж байгааг Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Батбаатар хэллээ. “Эрдэнэт” үйлдвэр, ҮЭХ-ны хооронд 1994 оноос хойш өнөөг хүртэл хамтын гэрээ байгуулагдаж, ажилчдын эрх ашгийг хамгаалан, нийгмийн баталгааг нь хангаж ирсэн юм. 

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв