2016 оны тодотгосон төсвийг 11.1 тэрбум төгрөгөөр баталлаа

A.Admin, monday.mn
2016 оны 02 сарын 20

 АИТХ-ын ээлжит 28-р хуралдаанаар энэ оны тодотгосон төсвийг хэлэлцэн баталлаа. “Энэ удаагийн тодотгосон төсөв нь Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хэмнэлтийн горимыг баримталсан” гэж АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын илтгэлд дурдлаа.

Тодруулбал, Тодотгосон төсвийн төслийг 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засвар, төсөл хөтөлбөрт зарцуулахаар боловсруулсан байна.
 
Үүнээс 4.9 тэрбум төгрөгийг барилгын их болон урсгал засварт, 1.8 тэрбум гаруй төгрөгийг инженерийн шугам сүлжээ, гэрэлтүүлгийн ажилд зарцуулахаар тусгасан байна.
 
Мөн авто зам засварын ажилд 349 сая, тавилга, эд хогшил, машин тоног төхөөрөмж худалдан авахад 2.3 тэрбум, төсөл, хөтөлбөрүүдэд 1.5 тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар аймгийн 2016 оны тодотгосон төсвийн төслийг боловсруулсан байна.
 
Харин Орон нутгийн хөгжлийн сангаас 8.9 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсвийн төслийг боловсруулжээ. Дээрх хөрөнгөөс аймагт 3.5 тэрбум гаруй, Жаргалант суманд 328 сая, Баян-Өндөр суманд 2.1 тэрбум төгрөгийг хуваарилах санал боловсруулж төлөөлөгчдөд танилцууллаа. Тодотгосон төсвийн төслийг танилцуулсны дараа АИТХ дахь МАН-ын бүлгээс “Олонх буюу АН-ын бүлэг бидний саналыг сонсолгүй төсвөө баталсан тохиолдол олон бий.
 
Энэ удаад мөн тэгнэ гэвэл бид санал хэлж цагаа гарздах хэрэггүй. Хэрэв бидний саналыг сонсоно гэвэл хэлэлцье. Үгүй бол төслөөр нь баталъя” гэсэн санал хэлсэн.
 
Ингэснээр ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар аймгийн 2016 оны тодотгосон төсвийг ЗДТГ-аас боловсруулсан төслөөр нь баталлаа. Батлахын өмнө нэр бүхий төлөөлөгчид угтах хаалга барих, хотын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тэргүүтэй зарим зардлыг танах санал гаргасан боловч дэмжигдээгүй юм.

ТОП ярилцлага

Сүүлд шинэчлэгдсэн


Copyrights © 2010-2021, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв