Танилцуулга

2021-07-18 18:09:09

1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг.

Ийнхүү газар тариалангийн суурин (Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм) нь Увс аймагт анх тавигджээ.

1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна.

Лүүжин Дацангийн дэргэд Цогчин дугана, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2 сард Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм.

Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11 сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд:

"Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтжээ. Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой"

гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ.

1925 - 1931 онуудад Чандмань уулын аймаг
1931 - 1932 онд Дөрвөдийн аймаг
1933 оноос Увс аймаг гэж тус тус нэрлэжээ.
1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ. 1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянга төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсчээ. Увс аймгийн төв нь Улаангом сум юм.

Газарзүйн байрлал:

Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог, 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км. Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-ын Тува улстай 575км газар нутгаар хиллэн оршдог. ОХУ-ын Тува улсын Кызыл хотоос 436км зайтай, БНХакаси улсын Абакан хотоос -690км, БНАлтай улсын Горно-Алтайск хотоос 800км, Алтайн хязгаарын Барнаул хотоос 1040км, Новосибирск хотоос 1230км зайтай оршдог.

Түүх соёлын дурсгалт газрууд

-Өмнөговь сумын Мунживын Дамбийжаагийн туурь, -Өмнөговь сумын Арлын хоогийн эртний туурь -Өмнөговь сумын Хүрэн үзүүрийн хадны зураг -Өмнөговь сумын Хөх оройн хадны зураг -Өмнөговь сумын Мунживын хадны зураг -Өмнөговь сумын Бор хагийн хос хяргисүүр -Өмнөговь сумын Ацаан бэлийн хадны зураг, хүн чулуу -Өмнөговь сумын Шар булгийн хадны зураг, хөшөө чулуунууд -Өмнөговь сумын Ховд голын хавцалын хадны зураг, хөшөө чулуунууд

Сагил сум, Ганц харгайтын бичигт хадны зураг
Зүүнхангай сум, Зураагийн улаан хадны зураг
Сагил сум, Зүүн турагийн тэрэм хадны зураг
Сагил сум, Их сарын хадны зураг
Сагил сум, Можоогийн хадны зураг
Давст сум, Мөнгөт Цахирын хадны зураг
Наранбулаг сум, Наранбулагийн хадны зураг
Сагил сум, Үнхэлцэгийн хадны зураг
Давст сум, Тэхтийн давааны хадны зураг
Сагил сум, Хад үзүүрийн хадны зураг
Баруутуруун сум, Хар Цагаан усны хадны зураг
Сагил сум, Цагаан өтөгийн хадны зураг
Өлгий сум, Шар булгийн онцын хадны зураг
Сагил сум, Шовгор хадны зураг
Давст сум, Бор Нурганы/Хүүхдийн овооны/ хүн чулуу
Наранбулаг сум, Жаажаагийн хөтөлийн хүн чулуу
Хяргас сум, Нийчийн амны хүн чулуу
Хяргас сум, Овгор Хяргасын хүн чулуу
Тариалан сум, Халхайтын дэнжийн хүн чулуу
Малчин сум, Хөтөл нуурын Улаан толгойн хүн чулуу
Малчин сум, Баянмандал уулын хүн чулуу
Улаангом хот, Чандмань уулын булш
Бөхмөрөн сум, Ачит нуурын түрэг бичээс
Хяргас сум, Да лам Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө
Аймгийн музей, Долоодойн түрэг бичээс
Аймгийн музей, Долоодойн хөшөөний уйгар бичээс
Сагил сум, Төмөр цоргын түрэг бичээс
Улаангом сум, Харлаг бэйсийн сүм
Түргэн сум Дэлгэр мөрний дэнжийн хүн чулуунууд